Нүдний даралт ихсэх өвчин (Глауком)
Хаалттай өнцөгт глаукомын үед нүдний өмнөд хэсэгт байрлах шингэн шүүрүүлэх хэсэг дарагдаж хаагдснаас нүднээс гадагшлах шингэний урсгалд саатал үүсч нүдний даралт ихэсдэг. Энэ үед нүдний доторх шингэн үүсэлтийг дарангуйлах эм ба шингэний шүүрэлтийг сайжруулах лазер эмчилгээг хавсарч хийх ёстой.
Харин нээлттэй өнцөгт глаукомын үед шингэн шүүрүүлэх хэсэг дарагдаж хаагдаагүй боловч нөсөө, нүдэн дотор үүсдэг тунадас зэргээр бөглөрсөн эсвэл нүдэн доторх шингэн үүсэлт хэт ихэссэнээс болж үүсдэг. Энэ тохиолдолд эмийн эмчилгээг (голлон) зонхилон хийнэ.
Нүдний даралт ихсэх өвчний үед хараа муудах, харааны талбай алдагдах, нүдний дотоод даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Нүдний даралт ихсэх өвчний хурц үед:
- Нүд хатгуулж өвдөх
- Ухархайн яс хөндүүрлэж өвдөх
- Дотор муухайрах
- Огиулах зэрэг шинж илэрдэг. Зарим тохиолдолд уг хүндээ ямар ч
зовиургүйгээр аажмаар хараанд нөлөөлсөн байдаг.
Өвчний шалтгаан
- Удамшил
- Нүдний үрэвсэлт өвчнүүдийн дараа
- Гэмтлийн улмаас нүдэн доторх шингэний шүүрүүлэх хэсэгт саад үүсэх эсвэл
шингэн үүсэлт эмгэг шинжтэй их хэмжээгээр үүсэх болсноор нүдний даралт ихэсч харааны мэдрэлийн цусан хангамжийг багасгаж үхжүүлэн гэмтээдэг. Үүний улмаас хараанд нөлөөлж улмаар хараа алдуулдаг.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх
Нүдний даралт ихсэх өвчнийг эрт илрүүлж хараа алдахаас урьдчилан сэргийлэхийн тулд 35-аас дээш насны хүмүүс нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэрвээ глауком өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчийн заасан хугацаанд байнга үзүүлж хяналтанд байх шаардлагатай. Ингэснээр өвчнийг эрт илрүүлэх боломжтой. Нүдний даралт илэрсэн тохиолдолд 2 – 3 сар тутам тогтмол хяналтанд байж эмийн эмчилгээг тасралтгүй хийх шаардлагатай.
Эмчилгээ
Глаукомын эмчилгээнд эмч, өвчтөн 2-ын хамтын зүтгэл чухал. Эмчийн заасан эмчилгээг зааврын дагуу цаг тухайд нь зөв хийж байгаа эсэхээс эмчилгээний үр дүн маш их шалтгаална. Хэрэв эмийн эмчилгээ хийгээд үр дүн муу байгаа тохиолдолд эмийг солих, лазер эмчилгээ, мэс заслын эмчилгээг сонгодог.
Нэгэнт нүдний даралт ихсэх өвчин үүссэн бол нүдний даралт бууруулах эмийг өдөр бүр тогтмол цагт дусаах ба шаардлагатай бол амьдралын турш дусаана. Нүдний даралт ихсэх өвчин төгс эмчлэгддэгүй бөгөөд харааны мэдрэл гэмтсэн тохиолдолд дахин сэргэдэггүй өвчин юм. Сүүлийн үед ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад энэ өвчний оношлогоо, шинжилгээ, эмчилгээг өндөр түвшинд хийж байна.
Мэс заслын эмчилгээ хийлгэсний дараа анхаарах гол зүйл нь эмчийн зөвлөгөөг дагаж заасан эмчилгээг цаг тухайд нь зөв дусаах, заасан хугацаанд үзүүлж байнгын хяналтанд байх хэрэгтэй.
- Мэс заслын дараа нүдээ нухахгүй байх
- Нүүр лүүгээ хүчтэй дүлэх, найтаах, ханиалгахыг хориглоно
- Спиртийн төрлийн ундаа хэрэглэхгүй байх
- Өвдөгнөөс доош тонгойх, 10кг-аас дээш жинтэй хүнд юм өргөхийг хориглоно
- Нүдээ гэмтээхээс сэргийлэх
- Ажил, амралтаа зохицуулж хоногт 8-аас доошгүй цаг унтаж амрах
- Цусны даралтаа тогтмол хянах зэрэг дэглэмийг баримтална.
Их эмч Ц.Энхсайхан


.png)




Comments
Add comment